БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Монгол Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сум бие даасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бий болсон түүхтэй.
Эрдэнэт хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар тогтоолоор анхан шатны 13 баг 12503 өрх, 58460 хүн амтай, 110922 толгой малтай, 12 ерөнхий боловсролын сургуультай, 21 цэцэрлэг, 678 суудлын автомашин, 702 ачааны авто машин, улсын үйлдвэрийн газар 35, хувьцаат компани 10, ХХК 102, хоршоо 34, ХЭАА 907, төсөвт байгууллага 65, Төрийн бус 9 байгууллагатайгаар Засаг захиргааны нэгж болон байгуулагдаж байсан бол өдгөө 26 баг 29,133 өрх, 104,000 гаруй хүн амтай болж өргөжин хүн амын тоо, эдийн засгийн хүчин чадал, засаг захиргааны бүтцээрээ Монгол Улсын хамгийн том сум болсон байна.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
АНХНЫ СОНГУУЛЬ
/1994 оны 8 дугаар сарын 13-ны өдөр/
1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоолоор аймаг, сумын удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэхээр анхдугаар орон нутгийн сонгуулийг товлон зарлажээ. 1994 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өндөр сумын 13 багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болж, 13 мянга гаруй өрхийг төлөөлсөн 4 мянга шахам иргэд оролцож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд баг тус бүрээс 5 хүнийг сонгож, сумын анхны Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг байгуулжээ. Анхдугаар хуралдаанаас сумын ИТХ-ын даргад Ч.Бадамдорж, Д.Чагнаадорж нар нэр дэвшин өрсөлдөж Ч. Бадамдорж 55,6 хувийн саналаар Баян-Өндөр сумын ИТХ-ын анхны даргаар сонгогдож, орон тооны бусаар ажиллаж байжээ. Түүнчлэн тус хурлаас 24 хүн нэр дэвшсэнээс Т.Ганболд, Д.Гэрэлчулуун, Ц.Ариунаа, Л.Дулмаа, Д.Баясгалан, Д.Чагнаадорж нар Тэргүүлэгчээр сонгогдсон байна.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
2 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ
/1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр/
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд зарим нэмэлт өөрчлөлт орж, тухайн сонгууль пропорциональ системээр явагдсан юм. Сумын 25 төлөөлөгч сонгогдсноос намын нэрээр нэр дэвшин томсгосон тойргоос сонгогдсон нь бас нэг онцлог болсон юм. Энэ удаагийн сонгуулиар тус сумын сонгогчдын 16445 буюу 60,5 хувь нь санал хураалтад оролцсон байна. Сумын ИТХ-ын 2 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр болж, Сумын ИТХ-ын даргад МАХН-аас 65,2 хувийн саналаар Хөхийн Буянхишиг сонгогдож, ИТХ-ын Тэргүүлэгчээр Х.Буянхишиг, П.Сүрэнжав, Д.Нямгэрэл, Л.Төмөрчөдөр, В.Дашдаваа, Л.Дулмаа, М.Амаржаргал нар сонгогдсон байна. 1996 оны 11 дүгээр сараас эхэлж сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргыг орон тооны болгосон нь орон нутагт нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулах ажлыг тогтоон төлөвшүүлэхэд чухал алхам болсон юм. Энэ үед сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ц.Өлзийбаатар, П. Сүрэнжав, Б. Ганчимэг ажиллаж байжээ.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
3 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ
/2000 оны 10 дугаар сарын 23-ны өдөр/
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар тогтооно” гэж өөрчлөлт орж, Баян-Өндөр сумын 16 багийн 25 тойрогт 7 субъектээс нийт 94 хүн нэр дэвшсэн байна. Тухайлбал, МАХН-аас 25, МСДН-аас 12, МҮАН-аас 25, МАШСН-аас 16, БНН-аас 9, ИЗН-аас 3, бие даагч 4 хүн нэр дэвшжээ. Сумын сонгогчдын нэрсийн жагсаалтад 31391 сонгогч бүртгэгдсэнээс 17218 сонгогч буюу 54,8 хувь нь саналаа өгсөн бөгөөд хамгийн олон санал авсан 25 нэр дэвшигчийг сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгосон байна. Сумын ИТХ-ын даргаар Хөхийн Буянхишигийг 2 дахь удаагаа сонгогдож, Тэргүүлэгчээр С.Давааням, С.Дэмбэрэлдорж, Г.Баярцогт, Л.Тогоо, Д.Даваа, Н.Батболд нар сонгогджээ. Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг /2000.12.15-наас-2002.10.01/, Б.Цэрэнханд /2002.10.03-наас 2003.10.01/, Г.Энхцэцэг 2003.10.01-нээс хойш ажиллав./
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
4 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛЬ
/2004 оны 10 дугаар сарын 23-ны өдөр/
Сумын ИТХ-ын 4 дэх удаагийн сонгуулиар 2004 онд нийт 25 төлөөлөгч сонгогдсон бөгөөд Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс МАХН-аас 25, Эх орон-Ардчилал эвслээс 25, БНН-аас 4, бие даагч 1, бүгд 55 хүн нэр дэвшжээ. Сумын ИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн 68,0 хувь нь МАХН-аас, 32 хувь нь Эх орон-Ардчилсан эвслээс нэр дэвшигчид байсан. Сумын ИТХ-ын даргаар Сүхийн Жаргалсайхан сонгогдож, Тэргүүлэгчээр Ш. Жаргал, Л.Наранболд, М.Толя, Ч.Дагвадорж, Г. Батдэлгэр, М.Хатанзориг нар байв. Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг ажиллаж байсан.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
5 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ
/2008 оны 10 дугаар сар/
Сумын ИТХ-ын 5 дахь удаагийн сонгуулиар Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 25 тойрогт МАХН-аас 25, Ардчилсан намаас 25, ҮШН-аас 6, бие даагч 2, нийт 58 хүн нэр дэвшсэнээс МАХН-аас 22, Ардчилсан намаас 3 хүн сонгогдсон. Тус сумын ИТХ-ын хуралдаанаас Хурлын даргаар Моломын Толя сонгогдож, Тэргүүлэгчээр С.Лхагвасүрэн, Г.Дуламжав, Д.Мөнхболд, Д.Оюун-Эрдэнэ, С.Батжаргал, П.Баянмөнх нар сонгогдсон юм. Нарийн бичгийн даргаар Г.Энхцэцэг ажиллаж байсан.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
6 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ
/2012 оны 11 дүгээр сар/
2012 онд сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулиар нийт 31 төлөөлөгч сонгогдож, үүнээс АН-аас 19, МАН-аас 10, МАХН, ИЗНН-ын ИШЁ эвслээс 2 төлөөлөгч тус тус сонгогдсон. ИТХ-ын даргаар Намнангийн Жаргалсайхан сонгогдон, Тэргүүлэгчдээр: П.Баянмөнх, Б.Ганбат, В.Баттулга, Д.Ганболд,Л.Түмэндэмбэрэл, М.Чулуунзагд нар сонгогдож байсан. ИТХ-ын Нарийн бичгийн даргаар З.Эрдэнээ томилогдон ажиллаж байсан.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ
/2016 оны 10 дугаар сар /
Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулиар 2016 онд нийт 31 төлөөлөгч сонгогдож, үүнээс МАН-аас 26, АН-аас 5 Төлөөлөгч тус тус сонгогдсон. ИТХ-ын даргаар Баттөрийн Баасансүрэн сонгогдон, Тэргүүлэгчдээр С.Эрдэнэбаяр, Д.Шинэбаатар, Н.Гансүх, Ч.Болор-Эрдэнэ, Д.Дарханбаяр, Х.Төгсбаяр нар сонгогдон ажилласан байна.
Нарийн бичгийн даргаар З.Эрдэнээ/2016-2018/, Б.Алтаншагай /2018-2020/ нар томилогдон ажиллаж байв.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ
/2020 оны 10 дугаар сар /
Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар 2020 онд нийт 31 төлөөлөгч сонгогдож, үүнээс МАН-аас 24, АН-аас 7 Төлөөлөгч тус тус сонгогдсон. ИТХ-ын даргаар Э.Эрдэнэбат сонгогдон, Тэргүүлэгчдээр Ц.Шинэбаяр, Ч.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэбаяр, Г.Наранжав, С.Бямба-Оргил, Б.Мөнхзаяа нар 2022 он хүртэл хугацаанд ажиллаж байгаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль шинэчлэгдэн ИТХ-ын зөвлөл болж өөрчлөгдсөн юм. Нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа томилогдон ажиллаж байна.
БАЯН-ӨНДӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛЬ
/2024 оны 10 дугаар сар /
Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар 2024 онд нийт 29 төлөөлөгч сонгогдож, үүнээс МАН-аас 17, АН-аас 12 Төлөөлөгч тус тус сонгогдсон. ИТХ-ын даргаар Э.Эрдэнэбат 2 дахь удаагаа сонгогдон, Нарийн бичгийн даргаар Э.Гэрэлмаа ажиллаж байна.
|
|
Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал |